******* Итгэлийн хамгийн гайхалтай нь хайр ****************** Хайрууд дундаас хамгийн гайхалтай нь чи бид 2ийн хайр ********* "Хамгийн сүүлд итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн." **** Хайр хэзээ ч дуусдаггүй ****

Tuesday, July 14, 2009

ТӨРСНИЙ ДАРАА ЭР НӨХРИЙН ХАЙР ХАЛАМЖ ХАМГААС ЧУХАЛ

Том гэдэстэй жирэмсэн эмэгтэйчүүд ямар эгдүүтэй харагддаг болохыг та мэдэх үү. Жирэмсэн эмэгтэй хүнийг хүн болгон өхөөрддөг. Харин ангир үрээ хэвлийдээ тээж яваа түүний эрүүл мэнд хамгаас чухал байдаг. Эхийн хэвлийд байгаа үрийн эрүүл мэнд эхээс шууд хамааралтай байдаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс маш хянамгай байх хэрэгтэй. Харин амаржсаны дараа гэртээ гарч ирэх нь гэр бүлийн амьдралд хамгийн дурсамжтай мөчүүдийн нэг байдаг. Энэ үед эр нөхөр нь л хамаг зүйлийг бэлтгэх хэрэгтэй. Хүүхдэд хэрэгтэй бүх л зүйлийг бэлтгэх хэрэгтэй. Ямартай ч шинэ аав танд хэлэх хэдэн зөвлөмж байна.
-Төрсний дараа эхийн бие ядруухан байдаг учраас өөрийн ажлаа зохицуулж хамт байх нь зөв. -Энэ үед олон шинэ зүйлтэй зохицох хэрэгтэй болдог. Гэрийн ажил хийх, хүүхдийн даавуу угаах, хоол цай бэлдэхээс гадна эхнэртээ хүүхдээ хөхүүлэхэд нь туслах, хүүхдээ асрах, халамжлахад суралцах хэрэгтэй.
-Төрсний дараа аав таны халамж эх үр хоёрт юунаас илүү чухал байдаг. Мөн энэ үед эх, нярай хүүхдийн биеийн байдал маш эмзэг байдаг учраас ямар нэгэн эмгэгт өртөхөд амархан. Эхнэр, хүүхдийн биед ямар нэгэн зовиур, шаналгаа гарвал цаг алдалгүй яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Төрсний дараа эхнэр тань хүүхдийн даавуу угааж болохгүй шүү дээ. Хүйтэн усанд гараа ч дүрж болохгүй. Төрсний дараах гам сайн бариагүйгээс болж хожим нь эмэгтэй хүний гар болон үе мөч өвдөх болон хууч өвчтэй болдог. Тиймээс эхнэртээ анхаарал сайн тавиарай. Ажил амжихгүй байна гэсэн шалтгаар түүнийг хайхрахгүй орхиж болохгүй. Зарим эрчүүд хайнга хөндий байдлаасаа болж эхнэрээ хайхрахгүй орхидог. Ямартай ч тэр хүн таны хүүхдийг төрүүлсэн гэдгийг санаарай.

ТӨРӨХ ДӨХӨЖ БАЙГААГАА ХЭРХЭН МЭДЭХ ВЭ? Төрөх өдрөө хүлээж байгаа олон эмэгтэйчүүддээ хүргэх зөвлөгөө байна. Төрөлт эхэлж байгааг та мэдэх үү. Төрөлт ойртож бүр эхэлж байгааг та мэдэж байх хэрэгтэй. Төрөлт эхлэхээс 10-14 хоногийн өмнө хүүхэд доошилж, амьсгалахад чөлөөтэй болж, бие хөнгөрөх мэт мэдрэмж төрдөг. Төрөх өдөр ойртож байгааг илтгэх хэд хэдэн шинж байдаг. Ууц, нуруугаар чилж өвдөх, -Давсаг дарагдсанаас ойр ойрхон шээс хүрч, шөнө босч хэд хэдэн удаа шээх, -Доошоо бага зэрэг салсархаг зүйл буюу салиа, заримдаа цусан судалтай гарах, -Хэвлийн доод хэсгээр чангарч, бага зэрэг базлалт өгөх гэх мэт. Дээрх шинжүүд нь жирэмсэн эмэгтэйчүүдэд харилцан адилгүй илэрч болно. Энэ үед гэнэт төрөлт эхэлж болдог бөгөөд та аль болох гэрээсээ хол, ганцаараа явахгүй, бэлтгэлтэй байх нь зүйтэй шүү. Төрөх хугацаа болчихсон байхад та өвдөхгүй байна уу. Ийм үед эмч тань таньд тодорхой зүйл хэлэхгүй байна. Тэгсэн ч гэсэн та бэлтгэлтэй байгаарай. Хүүхэд чинь нэг л өдөр гарах гэж хаалгаа тогшино. Ингээд танд амжилт хүсье.

ӨНДГӨВЧИНД КИСТА ҮҮСЭХ НЬ ИХЭВЧЛЭН ДААВРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АЛДАГДСНААС БОЛДОГ Өндгөвч нь эмэгтэй хүний бэлгийн тогтолцооны онцгой чухал эрхтэн гэдгийг бид түрүү түрүүчийн дугаартаа дурьдаж байсан. Өндгөвчинд эр бэлгийн эстэй нэгдэж үр тогтоодог өндгөн эс боловсордог. Өндгөвчний эмгэгүүдээс хамгийн элбэг тохиолддог нь уйланхай буюу киста юм. Киста буюу уйланхай нь хагас шингэн зүйл агуулсан уут шиг нимгэн ханатай хөндий юм. Yүссэн шалтгаанаас нь хамаарч хэд хэдэн хэлбэрт хуваадаг.
1.Өндгөн эс нь өндгөвчинд байрладаг фолликус хэмээх гэрт боловсордог. Фоликул хагарч өндгөн эс гадагшилж хэвлийн хөндийд орох ёстой байдаг. Энэ үйл явц явагдахгүйгээс фолликул шингэнээр дүүрч сунан уйланхай үүсдэг. 2.Фолликулаас өндгөн эс гарангуут оронд нь бэлгийн онцгой даавар ялгаруулдаг эсүүдийн бөөгнөрөл болох шар бие үүсдэг. Энэ нь аажимдаа шимэгдэн алга болдог. Энэ үйл явцад гажуудал үүссэн тохиолдолд уйланхай үүснэ. Өндгөвчинд шингэн, салслаг агуулсан жижиг хавдрууд үүсэх боломжтой. Заримдаа өөх, тос ба үс мэтийг агуулсан ч байх тохиолдол байдаг. Өндгөвчинд уйланхай үүсэх нь ихэвчлэн дааврын үйл ажиллагаа алдагдсаны улмаас болдог. Мөн үрэвсэлт өвчин болон бэлгийн замын халдвараас болж үүсч болно. Арван уйланхайн долоо нь үйл ажиллагааны нэг зүйлд хамаардаг бөгөөд дараагийн сарын тэмдэг ирэхэд аяндаа зүгээр болдог. Гэвч цаг тухайд нь арга хэмжээ авахгүй бол томорч өвдөлт үүсгэн, дэргэдэх эрхтнүүдийн үйл ажиллагаанд саад учруулдаг. Зарим үед уйланхай нь мөөг шиг хэлбэртэй болдог. Биеийн хүчний ачаалал болон бусад шалтгаанаас болж хөл нь мушгирах эрсдэлтэй бөгөөд энэ үед уйланхайг тэжээгч цусны судаснууд дарагддаг. Ингээд тэжээлгүй болсон уйланхай үхжиж, идээлж хэвлийн хөндийд хагардаг. Энэ нь аюултай хүндрэл болох хэвлийн гялтангийн үрэвсэл үүсгэдэг. Түүнээс гадна өндгөвчний уйланхай нь үргүйдлийн шалтгаан болж болно. Мөн хамгийн аюултай үр дагавар нь хорт хавдар болж хувирах явдал.

ЗОВИУР ИЛРЭХГҮЙ БАЙГАА ХЭРНЭЭ МАШ АЮУЛТАЙ Өөртөө уйланхай үүссэнийг эмэгтэй хүн сэжиглэж мэдэх аргагүй. Энэ өвчний үед ихэвчлэн ямар ч зовиур илэрдэггүй. Зөвхөн хэвлийн доогуур маш бага зэрэг өвдөх эсвэл сарын тэмдэг хэвийнхээс арай удаан үргэлжилж болно. Тиймээс ихэнхдээ урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр санамсаргүй илрүүлдэг. Харин мушгирсан суурьтай уйланхай үүссэн тохиолдолд энэ нь мухар олгойн үрэвсэлтэй төстэй шинж тэмдэг өгдөг. Ийм үед цаг алдалгүй түргэн тусламж дуудах хэрэгтэй.Өндгөвчний уйланхайг зөвхөн эмэгтэйчүүдийн эмч оношилно. Эхлээд бага аарцагийн хөндийн эрхтнүүдийн хэт авианы шинжилгээ хийлгэж уйланхайны шалтгааныг тодорхойлох бөгөөд дааврын шинжилгээ хийлгэнэ. Зарим онцгой хэцүү тохиолдолд зөвхөн дуран оношлогооны тусламжтайгаар зөв оношийг тавина.

УЙЛАНХАЙГ ХҮНДРЭХ ХҮРТЭЛ НЬ МЭДЭХГҮЙ БАЙХ НЬ БИЙ Дааврын үйл ажиллагааны алдагдлаас үүссэн уйланхайг дотоод шүүрлийн булчирхайн эмч эмчилдэг. Өвчтөнд дааврын эм бичиж өгнө. Хэрэв уйланхай үүссэн шалтгаан нь өндгөвчний үрэвсэл байх юм бол уйланхайны эсрэг эмчилгээ хийхийн өмнө үрэвслийг арилгана. Нөхөн сэргээх эмчилгээ, үрэвслийн эсрэг эм, витаминууд болон антибиотик нь сайн нөлөөтэй байдаг. Уйланхайг яаралтай авах шаардлагатай болсон тохиолдолд дуран ашиглана. Зөвхөн хэмжээ нь хэт томорсон эсвэл хэт авианы шинжилгээний үр дүн эргэлзээ төрүүлсэн үед л хэвлийн хөндийг нээж авна. Эмэгтэй хүн бүр нас хамаарахгүйгээр эмэгтэйчүүдийн үзлэгт тогтмол орж байх ёстойг анхаарах хэрэгтэй. үзлэгт ороогүй тохиолдолд өндгөвчний уйланхай үүссэн эсэхийг түүнийг хэт томорч хүндрэл бий болгохоос нааш мэдэх боломжгүй. Ингээд эцэст нь хэлэхэд та л өөрийгөө аймшигт өвчнөөс хамгаалах болно. Хэн ч таны эрүүл мэндийн төлөө санаа тавихгүй.


Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно: